Saturday, August 31, 2013

Дурсамж бичээс...

2012 оны зуны амралтын сүүлээр Германд очоод удаагүй байхдаа бичсэн нэгэн өөрийн тэмдэглэлийг оллоо. Дурсамж гэдэг гайхалтай. Сайхан, муухай, тухайн үед хэцүү байсан ч бай хамаагүй эргээд харахад дурсгалтай, олон зүйлийг бодогдуулдаг. Өөрийгөө өмнөхтэйгөө харьцуулахад тусладаг. Ингээд тэмдэглэлийнхээ нэгээхэн хэсгээс та бүхэнд толилуулъя. Энд өөрийнхөө нийгмийг шүүмжлэх гэж оролдсон бололтой.


...Барууны, энд байх Германчуудын амьдралыг 4 жилийн өмнөх Батжаргалын нүдээр харж чадахгүй байв. Би их зүйлд санаа зовдог, бүгд эрх тэгш байгаасай гэсэн эрмэлзлээр дүүрэн амьдардаг гэдгээ нээж мэдэв. Амаа арчихдаа бараг л 10 бичгийн цаасны хэмжээтэй сальфетка, ус хайрлаж хамгаалах шаардлагагүй, хоол унд дэндүү элбэг дэлбэг, ямар нэгэн зүйлээр дутагдсан хүмүүсийг би эргэн тойрондоо олж харахгүй байв. Энэ амьдралын хэв маяг дэлхийн нөгөө булан тивд байгаа улсуудын хүмүүсийн амьдралтай харьцуулахад дэндүү зөрүүтэй, шударга бус санагдаж байгаа ба энэ үзлээ энэ хүмүүст хэлж ойлгуулахыг их хүснэ... 

Хэн билээ дээ, хүний 3 хэрэгцээний, шаардлагын талаар ярьж байсан санагдана. Амьдралын хэрэгцээ, энгийн, ерөнхийдөө хоол унд, өмсөх хувцас. Дараагийн хэрэгцээ эрх үүргийн талаар. Энэ нь одоогийн Монголчуудын маань олж авахыг эрмэлзээд, зориод байгаа эрхээ эдлэх, бүх зүйл хуулийн дагуу явагдах тухай. Энэ 2 нь хангагдсан улс орнуудын хувьд дээд зэргийн маягийн хэрэгцээ юмуу даа. USA мэтийн том том улсуудын хувьд бий болоод байгаа энгийн над шиг Монгол иргэний хувьд этгээд гажууд мэт санагдах хуулийн хүрээний шаардлагууд. Бүх зүйлийг дэндүү нарийн түвшинд шийдэхийг хүсэгчид.
Peter-ийн ханыг угсарч байхдаа ийм зүйлтэй учрав. Өөрийн гэрийн гадуур хана босгож байгаа хүний ажиллах орчинд нь улс нь анхаарал хандуулж байна. Ямар ч гэнэ үү нэг хүн ирээд чи ийм багаж, хамгаалалтын хувцастай ажиллаж болохгүй гээд болиулах. Нэг талаараа энэ хүний эрүүл мэнд ажиллах зүйлд маш өндөр анхаарал хандуулж байгаа боловч нөгөө талаар энэ бүх зүйлийг бүрэлдүүлж байж ажиллана гэдэг утгагүй. Хувь хүн эрсдэл гаргаж боломжгүй тийм нөхцөл бүрэлдүүлсэн нийгэм, надад таалагдаагүй.

Гэрээсээ гарахын өмнө эндэхийн байгаль, шувууд жиргэсэн тэр байранд сэрэхийг хүсч байсан 17-той хүү өөрчлөгдсөн байна. Гэрээс минь илүү сайхан газар хаана байхав.

Энд байх тийм ч сайхан биш ч муухай бол биш, хүн бүхний нүдэнд сайхан байгаа мэт харагдах гэж сүүлдээ төвөгтэй санагдах юм. Айлд байгаа болохоор өөрт муу байсан ч үнэндээ мэдэгдмээргүй, хүнд дараа болох шиг хөгийн зүйл байхгүй.

Хэдэн төгрөг хийгээд өөрийгөө техник технологиор зэвсэглээд нутаг буцах хүсэл, бодол өдөр болгон бодогдоно.
...


Ийнхүү өгүүлж суусан байх юм :) Дурсамжаа хадгалж тэмдэглэл хөтөлцгөөе гэж уриалмаар байна.

No comments:

Post a Comment